БОЛОМЖ


Хүн болгонд боломж байсан. Хүн болгонд боломж байгаа. Хүн болгонд боломж байсаар ч байх болно. Харин бүгд боломжийг хэрхэн ашиглаж чадсан бэ?, чадаж байна вэ?,  чадах вэ?. Ер нь боломж гэж юу юм бэ?. Их мөнгө олох арга зам юмуу? Хаа нэгтээ тохиох аз? Эсвэл сайхан амьдралыг бий болгох нүх сүв юмуу?

За ямар ч байлаа энэ тухай өөрийнхөө бодлыг бичье гэж бодлоо. Асуултуудыг ар араас нь ургуулж бодоод л байвал гарч ирээд л байна. Нэг ч болтугай асуултанд ядаж өөрийнхөө хувьд жижигхээн хариултыг ольё доо.


Боломж: Үнэхээр сайхан боломжууд өмнө нь зурайгаад дэс дараалалтай харагдахад хэний ч хувьд хамгийн сайхан. Зарим хүн өөрөө өөртөө эерэг сайхан боломжийг бий болгодог байхад өөрөө өөрийгөө буруу зүйл рүү түлхэх боломжийг хүртэл өөрөө бүрдүүлдэг нь харамсалтай.
Тэгэхээр боломж гэдэг үг бол өөрөө зөвхөн эерэг цэнэгтэй үг биш юм байна.

Хүмүүс ер нь ярьдаг даа. Энэ боломжтой айлын хүүхэд, энэ боломжгүй айлын хүүхэд гээд л. Миний бодлоор боломж бол хэн нэгнээр хязгаарлагдах ёсгүй. Аав ээж нь боломжийг нь нээж өгөх нь зөв ч гэсэн тэр боломжийг ёстой нөгөө чулуу болгох нь өөрөө өөртөө хамгийн том боломжийг гаргаж байгаа хэрэг байх.

Манай найзууд дунд аав ээжийн сайхан буянгаар олдсон боломжоо ашиглаад өдий зэрэгтэй сайхан явуу нөхдүүд олон бий. Би ч гэсэн өөрөө аав ээжийн олгосон сайхан боломжийг ашиглаад өдий яваа хүн. Мөн миний найзууд дотор тэр сайхан боломжийг ашиглахдаа бусдад сайхан харагдахын тулд ашиглаж орхиод түүнээсээ кайф авч үрэн таран хийдэг найзууд ч бий. Хамаагүй. Хэнд юу сайхан? Түүгээрээ амьдрах сайхан. Өөрт олдсон боломжоо ашиглаад хүний дайтай явж болно. Хүнээс илүү ч явж болно. Заавал эрдэм боловсрол эзэмшиж байж диплом өвөртөлсөн хүн үнэхээр боломжийг алдалгүй ашиглаад гойд яваад тооцогдохгүй. Өчигдөрхөн хог байсан зүйлийг ашиглаад өнөөдөр өөрөө бусдыг хог мэт үзэж явах хэмжээнд хүрсэн хүмүүс ч бий. Яагаад болохгүй гэж? Тэд чадсан байна. Яармагийн шороон дээр сугаа ханзартал барилдаж, гутлаа цоортол тоглож бидний л адил гэр хороололд өссөн харц ардын хүү өнөөдөр улсын толгой баяны нэгд тооцогдож явна. Түүнд татаа түлхээ байгаагүй, тэр зүгээр л өөрт олдсон боломжоо хэт сайн ашигласан байх.

Тэгэхээр хамгийн гол нь боломж хаа нэгтээгээс гарч ирэхдээ биш, магадгүй танай аав ээж ч юмуу, хэн нэгэн хүн чамд боломжийг бүрдүүлж өгөхдөө ч биш, өөрөө өөртөө боломжийг бий болгосон байна гэдэг хамгийн сайхан юм байна.  Өөрөө хүсэл мөрөөдөлтэй байж, өөрөө хүссэн тэмүүлсэн бодит зорилго, зорилттой байж байж өнөөдөр надад жинхэнэ боломж бүрдэх юм байна.

Мөн боломж гэдэг бол зөвхөн сайхан амьдрах биш, зөвхөн их мөнгөтэй болох нөхцөл бүрдэх ч биш, зөвхөн олон эрдмийн зэрэг цолтой болох, сайхан сургуульд сурч сайхан харагдах нөхцөл ч биш зүгээр л БИ юуг хамгийн их хүсч байна, сонирхож байна, түүн рүү гээ тэмүүлж, тэмцэж, шаргуу хөдөлмөрлөж, түүнээсээ кайф авч, хэнээс ч хараат бишээр түүнд зориулсан ЧАДВАР чадамжаа хөгжүүлж байж байж эцэст нь өөрөө өөртөө бүрдүүлж, бий болгосон тэр нөхцөл байдал юм байна.  
Тийм ч болохоор жинхэнэ боломжийг өөртөө бий болгодог хүмүүс, үнэхээр сайхан үүх түүхтэй, бас амжилтандаа ханаж цаддаггүй юм байна гэдгийг анзаарч байна.

Өнөөдөр хүмүүс үр хүүхэддээ мөнгөтэй болох боломжийг л өөртөө бүрдүүлэхийг зааж өгч байна. Барилдах чин хүсэлтэй, түүндээ хорхойсдог хүүхдийг өнөөдөр хөтлөж аваачаад бөхийн секцэнд суулгачих ухаантай аав өнөөдөр байхгүй байна. Тэгэхийнхээ оронд өндөр төлбөртэй сургуульд сургаж, бусдын хүүхдээс бага төлбөртэй сургуульд сураад, цөөхөн сэл сурчих вий, бусдын хүүхдээс хямдхан утас барьчих вий гэж санаа зовж хүүхдийн хүсэл сонирхолыг няцааж байна. Ийм хүүхэд өөрөө өөртөө сайхан боломжийг бий болгох нь битгий хэл тэр талаар сэтглэггээнд нь тусах ч гүй байна.
Өөрөө өөрийнхөө хамгийн их хүсэж байсан хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд хангалттай байхаар нөхцөл БОЛОМЖИЙГ өөртөө бий болгох ЧАДВАРЫГ суулгаж, зааж өгнө гэдэг өөрт нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хүмүүс, эцэг эхчүүд ойлгоосой.

 Хүн болгонд боломж байгаа... Түүнийг харин өөртөө яаж бий болгож, ашиглаж, өөрийн болгож түүгээрээ хөгжиж дэвжиж, түүгээрээ амьдралын утга учир нь хөглөгдөж явах нь таны л олж авсан хүмүүжил, чадвар, туршлагатай холбоотой гэж би бодож байна. Би ч адилхан түүний адил хичээж л явна. Би ямар эрдэмтэн мэргэн, сургааль аальдагч биш, өөрийнхөө бодлыг бичээд элийрч суух боломжийг ашиглаж сууна даа...
.
.... Өнгөрсөн бол сургамж, Өнөөдөр бол боломж, Ирээдүй бол бэлэг.....

No comments:

Post a Comment