НУТАГ ГЭЖ....

Өнөөдөр нүүр номоор хальт ороодохуул ХОНГОР НУТАГ  page-д нэгэн сайхан шүлэг нийтлэгдсэн байж байх юм. Дуустал уншсаны эцэст тэсэлгүй блог руугаа оруулахаар сэтгэл шулуудах нь энэ. Энэ сайхан шүлгийг хаашаа авч хадгалдаг юм билээ дээ байз гэж бодохзуур би чинь блогтой хүн шдээ гэдэг мессеж зурсхийх нь тэр. За энэ сүржин үгс ч яахав. Сайхан шүлгийг оруулсуу...


"НУТАГ ГЭЖ..."

Түйн голынхоо хөвөөнд очихлоор
Хүйн орчлонгийн цэнгэлд умбаж
Бургасан шугуйн эдгэрсэн жимээс
Багынхаа мөрийг хайж олмоор...


Нарны цацраг ойж харгиатсан
Намуухан урсгалд цагийн навч хөвөхөд
Хоёр шаахайгаа сугандаа хавчуулаад
Голынхоо эргээр гүйж зугаацмаар..

Багын танил уулсын бараа
Бүдэгхэн зам хэцийг даван
Гэнэхэн насны дурсамж хөглөн
Гэзгэрч ирээд сүүмийж байнам.

Хэсэгхэн бараан үүлс цогнойгоод
Хэдэн дусал бороо уруул үнсэхэд
Ховорхон ирдэг мэдрэмжээ сөгнөн
"Хонгорын хүү чинь"гэж сөгдөн мөргөмөөр..

Асарлан дүнхийх Номгоныхоо бэлд
Атираа, нугачаа бүрийг нь ширтэн
Сүүн сэтгэлээр баясал одуулахад
Зүүд зөнгийн совин гэрэлтнэм.

Онож төрсөн алтан шороондоо
Хонон өнжин саатан суухаас
Илүү жаргалыг үнэндээ,би
Энэ орчлонгийн хаанас ч олохгүй

Аминаас үнэтэй газар шороо гэдэг
Аальхан хүүдээ эрдэнийн олбог юм
Эхийн хэвлий шиг зөөлөн зулай
Эх газар гэдэг мөнхийн амьтай юм

Санах,сэрэхүйн ухааны гүнээс
Цайлган багын гэрэлт мөчүүд айлсан
Ээжий,нутаг хоёртоо л сүслэхэд
Элэг, зүрхний хөндүүр амирлав.

Эргэж хоргодог хонгор нутагтаа
Эрхэлж,хөлбөрч өнжлөө,би
Энгэр бэлийн сэвэлзүүр салхи нь
Элсэнд хээлэн хүүгээ үдлээ.

НУТАГ ГЭЖ...
Яруу найрагч Д.Доржготов
Улаанбаатар хот 2015.08.22 

(FB-ийн Хонгор нутаг page-ээс авав. )


No comments:

Post a Comment