Шинэ оны мэнд!. Сайн байна уу 2016!.

Ойрд блог руугаа орж ирж худлаа үнэн бураагүй юм байна. Тийм болохоор хэд хэдэн бичнэ дээ гээд шүдэндээ зуучихсан байсан бодлуудаасаа эхнээс нь ганц нэг санаагаа нэг гарчигны дор буулгаад орхие. 

Эхлэл : Дүгнэлт ба Зорилго (2015-2016)

Өнгөрсөн 2015 онд олон сайхан үйл явдалтайгийн хажуугаар бас бус муу үйл явдалтай жил байлаа.  Гэхдээ мэдээж сайн нь муугаасаа их. Хамгийн том бэлэг бол манай гэр бүлд шинэ хүн мэндэлж сайхан уур амьсгал, шинэ мэдрэмж, шинэ хариуцлага нэгээр нэмэгдлээ. Аливааг өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийчих юмсан гэсэн бодолтой явдаг болохоор бид 2 үүнийхээ багахаан хэсэг болох хувийн лагерийн газар авч өөрийн болголоо. Мэдээж энэ бол эхлэл. Манай гэр бүл 2015 онд бараг хийе гэсэн болгон, чадья гэсэн болгоноо л хийж, чадсан жил байлаа. Эхнэр алс холын америкт очоод мэргэжлийнхээ хувьд томоохон туршлага хуримтлуулсан эрдэм шинжилгээний хуралд суугаад ирлээ. Энэ мэт дурдаад байвал сайхан зүйл их байлаа. Жилийн өмнө бичиж байсан post оо эргээд уншихад биелээгүй зүйл бараг алга. 



Ирэх онд юу хийх, яах ийхээ бодож төлөвлөхөд бараг л энэ 2016 он шурд гээд нүдний урдуур харагдах шиг болж байна. Гэхдээ мэдээж би л дотроо бодоод яваа л даа J. Энэ жил манай том хүү сургуульд орж, эрдмийн их далайд хөл тавих болно. Мэдээж аав ээж болсон хойно хүүхдээ аятайхан сургуульд оруулчихыг хичээж байгаа ч бид хоёрын баримтладаг нэг томьёо бий. Энэ бол хүүхдийн боловсролд мөнгө харамлаж болохгүй ч гэсэн бусад шиг хүүхдийг хэлний сургуульд явуулж эх хэлээ ч бүрэн сураагүй хүүхдийг эвдэж хэмхлэхгүй,  өнгө мөнгөөр баярхсан хүмүүсийн хүүхдүүдийн дунд оруулж, бусдад үнэтэй сургуульд хүүхдээ явуулдаг гэж дүр эсгэсэдийг дуурайхгүй юмсан гэж хичээнэ.  Гэхдээ мэдээж улаан цайм муу сургруульд явуулахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Оруулахыг зорьсон, төлөвлөсөн сургууль байгаа. Хамгийн гол нь сурах арга барил болохоос хэдэн төгрөг зарах нь гол биш. Энэ бол томьёо!!!.  

Дараагийн нэг ажил бол бүтээн байгуулалтын ажил J. Энэ бол ирээдүйдээ, хамгийн гол нь үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарсан ажил байх болно. Бүрэн дуусгана гэж төлөвлөсөн байгаа. Түүнийгээ аль болох дор хаяж 80% тай гүйцээхийг хичээх болно.  Энэ бүтээн байгуулалтын ажлаа зундаа багтаад дуусвал намар нэг том ажил бий. Үүнийг нууцхан орхие. 

Манай эхнэрийн тухайд ажилдаа орно. Судалгааны ажилаа үргэлжлүүлнэ. Миний хувьд харин хамгийн том зорилго бол зун хэл сурна. Гэхдээ англи хэл биш J. Ямар хэл гэдгийг нь бас нууцхан орхие. Энэ бол миний маш том зорилгын эхлэл байх болно. За тэгээд оройн дээд сурах шүү дээ. Одоо ч би ажил дээр сурсаар л байна. Амьдрал дээр ч мөн адил. Үүний адилаар сурахаас уйдна гэж хэзээ ч байхгүй.



Удаах: Сайн хүн гэж хэн бэ?.


Саяавтархан юм даа. Хэсэг нөхөд уулзаад ярилцах зуур САЙН ХҮН гэж ер нь ямар хүнийг хэлэх талаар ярилцлаа. Бүгд л өөр өөр үзэл бодолтой байдагчлан бид ч бага сага үзэл бодлын зөрүүтэй байлаа. Зарим нэг нь сайн хүнийг боловсролынх нь түвшнээр хэмжиж байхад зарим нь удам судар сайтай бол тэр сайн хүн гэж ирээд л янз бүрийн л санаа хэлэлцсэн дээ. Одооны залуус бидэнд байгаа хамгийн том дутагдал бол энэ асуултын хариултыг мэдэхгүйд ч байж мэднэ. Миний нэг сайн танил, заа бараг намайг багад алтан хөршүүд байсан хажуу айлын мундаг математикч ах хүү бий. Одоо бол Баянхонгорын ганц өмнөө барьдаг улсад нэртэй математикч хүн. Маргаангүй. Тэр хүний хэлж, ярьж байгаа, гаргаж байгаа авир араншин, бичиж байгаа үг үсэг бүгд яг математикын томьёо шигээ өөрийнхөө сайн гэж бодсон зүйлээ л шүтэж, түүн рүүгээ чиглэдэг нь харамсалтай. Баргийн хүний үзэл бодлыг үл харгалзаж, үл тоож, их зан гаргасан аястай байх мөртөө математикын олон улсын олимпиадаас медаль авсан нэг жоохоон хүүхдийг бараг аав ээжээсээ илүү үзэж шүтдэг, хайрладаг, түүнийг дэмий балай юм ярьж явсан ч дэмжих аястай тухайгаа сошиалд өгүүлнэ. Өөрөөр хэлбэл тэр хүний бодлоор сайн хүн гэдэг нь сайн тоо боддог хүн гэсэн үг. Сайн математикч бол сайн хүн гэсэн үг. Заа тэгээд математикийн одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн том олимпиадад алтан медаль авбал бүр гэгээрсэн, сайны сайн туйл болчихсон хүн гэж үздэг гэсэн үг. Магадгүй тухайн тохиолдолд сайн хүн байж болно лдоо. Үгүйсгэхгүй. Гэхдээ л харамсалтай байгаа биз. Олон эцэг эхчүүд үр хүүхдээ яг энэ замаар сайн хүн болгох гэж оролддог. Даан ч математик бол хүний сайн мууг хэмжих хэмжүүр биш хүний амьдралаа аваад явахад хөшүүрэг болох ёстой нэг хэрэглэгдхүүн, ухагдахуун, багаж зэвсэг, сэтгэлгээг тэлэх, оюуныг задлах ... өөр юу гэж томъёолмоор юм бэ дээ... тийм л зүйл шүү дээ. Яагаад математикт сайн хүүхэд бол сайн хүүхэд, англи хэлдээ сайн хүүхэд бол сайн хүүхэд, бусад нь муу хүүхэд байдгым бэ????. Энэ бол хамгийн том алдаа шүү дээ. Математикт сайн хүүхэд бол ирээдүйд сайн мэргэжилтэн, сайн инженер ч юмуу тиймэрхүү талын мэргэжилдээ сайн хүн болох магадлал л өндөр болохоос сайн хүн болноо гэсэн үг биш.

Дараагийн нэг ойлголт бол хүмүүст сайн хүн болж харагдах гэж нэг том гай байна. Энэ бол гай. Өөртөө болоод өрөөлд учруулж буй гай.  Хүнд тусласан ч зүгээр туслаж чадахгүй, хэрэвээ хэн нэгэнд туслаж байгаа бол түүнийгээ ашиглаад шоу хийдэг. Ер нь бол сайн хүн бол заавал хүнд туслах ёстой биш. Эцсийн дүндээ сайн хүн бол бусдад МУУ зүйл хийдэггүй хүнийг л сайн хүн гэж нэрлэмээр санагддаг. Хүний дээр гарвал доор байгаа хүнд дарамт учруулж, дээрлээд гай болдоггүй. Хүний доор байгаа бол сайн яваа хүний замд садаа болж гай болдоггүй. Дундуур яваа бол бусдаас илүү харж, бусдад хий атаархаж, тэр нь үйлдэл болж бусдад гай тарьдаггүй. Ямар ч явсан бай муу зүйл хийж бусдад гай болдоггүй бол чи сайн хүн... Аав ээжийнхээ ачийг хариулах бол энгийн шүү дээ. Чи бусдад муу зүйл хийхгүй, өөрийгөө сайхан хүн шиг аваад явчихад л аав ээжид болоо. Аав ээжүүд хэзээ ч хүүхдээ чи тэрэн шиг баяжаач, тэрэн шиг том машин авч унаач, тэгэхгүй бол чи миний ачийг хариулахгүй нь гэж хэлэхгүй. Харин ч чамайг гайтай үйлдэл хийгээд явбал миний хүү тэрэн шиг нэг тогтсон амьдралтай байгаасай, тэрэн шиг нэг сайхан ажил төрөлтэй байгаасай л гэж ерөөнө, залбирана.

Тэгэхээр эцсийн дүндээ сайн хүн бол муу үйлдэл хийдэггүй хүнийг л сайн хүн гэнэ. Энэ бол миний бодож болсон, миний толгойд орж ирсэн хамгийн эцсийн гаргалгаа. Үүнээс өөр гаргалгаа байхгүй. Миний хувьд лав. Энэ сайн хүн бол заавал зам хөндлөн гарч яваа хөгшин хүнийг хөтлөөд зам гаргах албагүй. Харин тэр хөгшин хүнийг зам хөндлөн гарахад нь ямар нэг байдлаар садаа болохгүй л байх ёстой. Бас заавал эрдэм номдоо төгс байх албагүй. Өөрийнхөө хэмжээнд сурсан мэдсэнээ өөрийнхөө түвшинд ашиглаад, өөрийгөө бусдад гай болчихгүйхэн шиг аваад явж чаддаг байхад л болоо. Энэ бол сайн хүн.

Үргэлжлэлтэй... 

No comments:

Post a Comment