ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД АЛДААТАЙ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭН Ч, ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ НЬ ТОМ ДУТАГДАЛ...

Gogo.mn дээр хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэтэй хийсэн сайхан ярилцлага гарсан байна. Түүнийг бүрэн эхээр нь хуулж орууллаа. Үнэхээр сонирхолтой зүйлс ярилцсан аж. 
Доор нь хүмүүсийн бичсэн ихэнх сэтгэгдлүүдийг харахад Хятад хэл болж өгвөл сурахгүй байх хэрэгэй гэдэг дээр бухимдсан байх юм. Үнэхээрийн хар ухаанаар бодоход хүртэл захын Хятад хүн Монголд ирээд дуртай газраа, дуртай хүнтэйгээ Хятад хэлээрээ ярина гэдэг бол гуравхан сая хүнтэй манай орны хувьд том асуудал, бас байж болохоор эмзэглэл, муу ёрын гэмээр бодит төсөөлөл юм шиг санагдлаа. Түүхэндээ манж чин гүрэн тухайн үедээ одоогийн гурван сая хүнээс даруй 3 дахин их байсан байж байж уусан алга болсон үндэстэн, соёл шүү дээ. 
Эх линк: http://news.gogo.mn/r/143890 


Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багштай сэтгүүлч миний бие Вашингтонд байх хугацаандаа таарч GoGoCafe буландаа ярилцлага авснаа та бүхэнд хүргэж байна.
М.Саруул-Эрдэнэ Төрийн департемантын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессын Номын Сангийн Монгол номыг хариуцсан ажилтан. Монгол Соёлын Төвийн тэргүүн. “Өдрийн сонин”-ы Вашингтон Ди Си дэх албан ёсны сурвалжлагч хийдэг юм.
ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛД ЧИГЛЭГДСЭН ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ АЛГА
-Та фэйсбүүктээ хүүхдүүдийг монгол хэлний сургалттай зуны зусландаа хэрхэн хамруулж буй талаарх зурагнуудаас их гаргаж харагдсан. Гадаадад байгаа монголчууд маань хүүхдүүдийнхээ монгол хэлийг мартуулахгүй байх тал дээр хэр анхаарч байна?
-Арваад жилийн өмнөөс л монголчууд маань их идэвхтэйгээр гадагшаа гарч эхэлсэн. Ирэнгүүтээ нэн тэргүүнд тухайн орныхоо хэлийг хүүхдүүддээ сургаж эхлэхэд нь л бид “явж явж монгол хэл л чухал шүү. Англи хэлийг бол монголдоо ч сурчихдаг юм шүү дээ” гэж хэлж, зөвлөдөг л байлаа. Эхэндээ ойлгохгүй байсан ч одоо бол их сайн ойлгож эхэлсэн. Яагаад гэхээр эцэг, эхчүүд маань эргээд хүүхэдтэйгээ харьцаж чадахгүй, харилцааны хувьд хүндрэлтэй болж эхэлж байгаа юм.
Гэхдээ энд Монголын төрийн бодлого их жулдаж байна. Монголчууд арваад жилийн өмнөөс гадагшаа гарч амьдарч эхэлсэн гэж үзвэл одоогийн насанд хүрсэн хүмүүс бол дөнгөж нэгдүгээр үе. Хүүхдүүд нь хоёрдугаар үе. Гэтэл дөнгөж хоёрдугаар үеийнхэн нь монгол хэлээ мартчихна гэдэг хэтэрхий хурдан уусаж байна гэсэн үг. Тэгэхэд хятадууд, солонгосчууд 100 гаруй жилийн өмнө энэ улсад ирж. Одоо дөрөв, тав дахь үе нь явж байхад эх хэлээ ерөөсөө мартаагүй. Тэр нь цаад улсынх нь бодлого сайн байж ирсэнтэй холбоотой.
-Ямар бодлого явуулдаг учраас Америкт амьдардаг хятад, солонгосчууд эх орондоо байгаа юм шиг амьдраад байна вэ?
-Сая би нэг солонгос хүнээс хөтөлбөрийг нь авч үзлээ. Солонгос улсын Боловсролын яамнаас Америкт байгаа солонгосчууддаа зориулсан сургууль байгуулж өгөөд, тусгайлан хөтөлбөр гаргаж, багш нар илгээж хичээл заалгадаг юм байна. Мөн жил бүр гадаад дахь солонгос хүүхдүүдээ зуслан, сургуулиас эхлүүлээд бүр насанд хүрэгчдийг нь магистр, докторын сургалтад хүртэл хамруулдаг тэтгэлэгт хөтөлбөр байна.  Зорилго нь энд байгаа солонгосчуудаа солонгос чигээр нь хадгалж үлдэх. Энд нэг ялгаа харагдаад байгаа юм. Манайхан одооноос л бараг “Гадаадад байгаа монголчууд бол эх орноо орхиод явсан, монгол биш” гэх зэргээр яриад эхэлсэн. Гэтэл цаад улсууд чинь бүр шал өөр. “Та нар минь хятад шүү, /солонгос шүү/ бидний нэг хэсэг шүү” гэдэг сурталчилгааг байнга хийнэ. Тэгээд сургууль, багш нарыг нь мөнгө санхүүгээр нь хангана. Үр дүнд нь хэдий Америкт амьдарч байгаа ч хятад хүн хятадаараа л үлддэг. Польш ч гэсэн засгийн газраас нь сургууль байгуулж өгөөд, санхүүг нь шийддэг юм билээ. Энд төрж байгаа хүүхдүүд чинь яг л бусад америк хүмүүстэй адил сенатад нэр дэвшихээс эхлээд бүхий л эрхийг нь эдлэнэ. Тэр үедээ эх орондоо хандсан зөв бодлого, хөрөнгө оруулалт хийж болно. Ингээд бодохоор тэр улсуудын барьж байгаа бодлого тун ч алсын хараатай, айхтар байгаа биз. Манайхан болохоор асуудлыг өнгөц хараад л, бараг л зарим нь “буцаж битгий ирээрэй” гэх нь холгүй ярьдаг болж. Энэ их буруу юм шүү.
-Манай Засгийн газраас энэ төрлийн бодлого бүр огт байхгүй юу?
-Оролддог л байх. Монгол сургуулиудад ном явуулах, сургуулийнх нь багшид шагнал өгөх зэргээр л ажиллаж байх шиг байна. Гэтэл яг багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, хөрөнгө санхүүгийн тал дээр ямар ч бодлого байдаггүй. Хамгийн гол нь боловсролын хөтөлбөрөөр хангаж өгөх хэрэгтэй байдаг. “Гадаадад байгаа найман настай хүүхэд ийм зүйл, есөн настай хүүхэд ийм зүйл мэдэх ёстой” гэх мэтээр хөтөлбөр, ном сурах бичгээр нь хангах гэх мэт дорвитой ажил хийхгүй байна. Гадаадад төрж өссөн хүүхдүүдийн хувьд монголд байгаа хүүхдүүдээс өөр хөтөлбөртэй байх ёстой. Энэ хүүхдүүдийн асуудал дээр нухацтай л ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Та бүхэн энд ямар сурах бичиг ашиглаж байна?
-Энд ямар ч сурах бичиг байхгүй. Харин Шведийн монгол сургуулийн багш нар санаачилгаараа сурах бичиг гаргасан гэж сонссон. Гадаадад төрж, өссөн хүүхдүүдэд заах хичээл чинь их өөр шүү дээ. Гадаад хүмүүст монгол хэл зааж байгаатай төстэй. Гэхдээ хүүхэд болохоор бас насанд хүрэгчдээс өөр. Түүнээс Монголд байгаа хүүхдүүдэд заадаг шиг “Осор олс татав” гээд эхэлбэл ойлгохгүй. Монгол хэлэндээ бүр дургүй ч болчих магадлалтай.
-Америкт монгол сургууль хэр олон байдаг бол?
-Монголчууд олноороо байдаг том хот бүрт монгол сургууль байгаа. Тэр их сайн зүйл. Дандаа сайн дураараа ажиллаж байгаа багш нар байдаг. Зарим хотод бүр гурван ч сургууль бий.
-Танай зуны зусланд жилд хэчнээн хүүхэд хамрагддаг вэ?
-Жилдээ 30-40 хүүхэд авдаг. Зусландаа амьдарч байгаа болохоор монгол хэлэндээ нэлээн дөртэй болоод харина. Гэхдээ монгол хэлээ хадгалахад эцэг эхийн оролцоо багшаас илүү чухал. Хүүхдүүд нь сургууль дээрээ очоод тухайн улсынхаа хэлээр ярьдаг болохоор эцэг эхчүүд гэртээ монгол хэлээрээ ярьдаг байх хэрэгтэй.

-Хүүхдүүдэд эх хэлийг нь заахад тэдний зүгээс Монголоо гэх хандлага хэр илэрч байна?
-Монгол хэлийг нь зааж, Монголын түүхийн тухай ярьж өгөхөд хүүхдүүд маш их дуртай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ монголоор ярьж чаддаг гэдгийг нь ч мэдэхгүй байх тохиолдол бий. Манай зуслан дээр ирсэн хүүхдүүд монголоороо хөөрхөн ярьдаг болчихно. Долоо хоногийн дараа эцэг эхчүүд нь ирээд англиар ярихаар нь бид англиар ярихгүй байхыг сануулдаг юм. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаадаар ярихад нь ойлгохгүй дүр эсгэх, монголоор ярихыг шаардах зэргээр гэр бүлийн зүгээс хэлээ сурахад нь тусалдаг байх хэрэгтэй. Эцэгэ эхчүүд эхлээд энэ үүргээ гүйцэтгэсний дараа харин бид төрийн бодлогыг шаардах хэрэгтэй.
 -Та Г.Галбадрах ахад өгсөн ярилцлагандаа “Монголд болж байгаа болохгүй муухай зүйлийн талаар л гэртээ яриад байсан чинь хүүхдүүд маань Монголын талаар тааруухан бодолтой болж ирсэн. Эхнэр бид хоёр тэр байдлыг ажигласнаас хойш Монголынхоо талаар дандаа сайн сайхан зүйлс ярьдаг болсон” гэж дурдсан чинь тун ч их таалагдсан.
-Байнга л “Монголд кран унаад хүн алчихаж, автомашины том осол болоод хүмүүс үхэж” гээд сөрөг мэдээлэл яриад байхаар хүүхдэд муугаар нөлөөлдөг юм билээ. Томчуудын хувьд бол сонин хачин болгоод л ярьж байгаа зүйл, хүүхдүүдэд энэ нь “Монгол гэж аймаар улс байна” гэх бодлыг төрүүлж байдаг. Гэтэл энэ Америкт ч адилхан л осол аваар зөндөө л гарч байгаа. Аль ч улсад болдог л зүйл. Энд амьдарч байгаа хүүхдүүд сайн, муу бүгдийг нь харж байгаа болохоор мууд нь анхаарал өгч, анзаараад байдаггүй. Харин “өө хог Монголд тэгчихэж гэнэ” гээд яриад байхаар хүүхдүүдэд арай өөрөөр тусаад байгааг анзаарснаас хойш Монголынхоо сайн сайхан бүрийг яриад байдаг болсон. Энэ маань ч хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байна. Одоо манай хүүхдүүд Монголдоо очих их дуртай. Том маань их сургуулиа төгсөөд Монголд очиж ажиллана гэж байгаа. Бага насны хүүхдийн боловсролийн чиглэлээр сурдаг юм.
БИД АМЕРИКЧУУДЫГ “ХОДООДООР НЬ ДУУДАЖ” БАЙГААД МОНГОЛЫНХОО ТАЛААР ТАНИЛЦУУЛДАГ
-Монгол соёлын төвийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Монгол соёлын төв маань 2007 онд байгуулагдсан. Удирдах зөвлөлд нь 10-аад залуу байдаг. Гишүүдийн хувьд гэвэл дэлхий нийтээр байгаа, бараг хоёр гурван зуу хүрсэн байх. Манай төвөөс ЭСЯ-тай хамтран жил бүрийн тавдугаар сард монголч эрдэмтдийн хурал хийдэг. Зөвхөн Америкийн монгол судлаач төдийгүй Солонгос, Израйль, Хятад, Орос Азербайжан, Туркээс эрдэмтэд оролцдог. Монгол хүүхдийн хэл соёлын зусланг мөн манай төв “Ажаа гэгээний төв”-тэй хамтран хичээллүүлдэг.
-Буяны ажлууд зохион байгуулдаг гэсэн?
-Ажаа Ринбүүчигийн Монголд барьж байгаа эмнэлэгт зориулаад ВХОМХ-той хамтран хоёр ч удаагийн хандив цуглуулах ажил зохион байгуулсан. Ингэхэд эхний удаад 24 мянга, дараагийн удаад нь 30 мянган доллар цуглуулж чадсан. Вашингтон ДС-ийн монголчууд буяны ажилд их идэвхтэй оролцдог. Ер нь зөвхөн манай Ди Си ч гэлтгүй Сан-Франциско, Денвэр гээд бүхий л том хотын монголчууд иймэрхүү буяны ажилд санаачилгатай оролцдог юм.
Монгол судлалын цуврал лекцийг бас “Монгол соёлын төв” маань зохион байгуулдаг. АНУ-д Монгол судлалаар ажилладаг монгол судлаач эрдэмтэд, монгол судлалтай холбоотой хүмүүсийг урьдаг. Одоогоор 25 лекц зохион байгуулаад байна. Гадаад хүмүүст монгол хэл соёл заадаг “Монголын цаг” гэх үйл ажиллагааг бас зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаанд дуучин Саран, Дээгий гээд бүжигчин, Од гээд морин хуурч залуу, Амараа эгч гээд монгол хоол хийдэг тогооч нар идэвхтэй оролцож Монголоо сурталчилдаг юм. Бид арвуулаа нэг баг болоод их дээд сургуулиудаар явж Монголын соёлыг сурталчилдаг. Эхлээд хүмүүст монгол хоолтой гэж гэж зарлан “ходоодоор нь дуудаж” байгаад урлагийнхан маань монгол сайхан урлагийн үзүүлбэрүүдээ үзүүлээд, би монголын тухай лекцээ уншина.  Ингээд л Монголын тухай ойлголтыг түгээнэ шүү дээ. Манай баг Филадельфиа, Бальтимор, Торонто, Төрийн департаментын Гадаад харилцааны дээд сургууль, Атланта гээд олон газраар явж Монгол улсаа сурталчлан таниулах ажил зохион байгуулсан. Урлагийн хэд маань дандаа л сайн дураараа энэ бүх ажлыг амжуулдаг.
-Гадаадад байгаа монголчуудын маань эх орноо гэх чин сэтгэл мэдрэгдэж байна. Монголын тухай гэхээр та юуг нь голчлон ярьдаг вэ?
-Хүлээн авагчдаасаа шалтгаална. Түүхч эсвэл Төв ази судлаач гэх мэт мэргэжлийн хүрээнд монгол бичиг, монгол хэлний нарийн ширийн зүйлсийн талаар ярьдаг. Ихэнх тохиолдолд Монголын талаар огт мэдлэггүй хүмүүс байдаг учраас маш ерөнхий юм ярина.
-Ялангуяа оюутнууд мэдэхгүй байх?
-Ер нь америкчууд монголын талаар нэг их мэдээд байдаггүй. Тийм хүмүүст бол Чингис хаанаас эхлээд Монгол улсын тухай хамгийн ерөнхий мэдээлэл өгдөг.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД АЛДААТАЙ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭН Ч, ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ НЬ ТОМ ДУТАГДАЛ
-Монголчууд монгол хэлээрээ алдаатай бичих нь ихэсчээ. Яагаад тэр вэ?
-Хүн ер нь бичихдээ зөв бичгийн дүрэм бодоод байдаггүй. Нүдэнд дассан, бичихэд эвтэйхэн байгаагаар л бичдэг. Ном, сонин уншдаг хүмүүс их зөв бичдэг юм. Уншсаар байгаад нүдэнд нь дасал болчихсон. Хүн зөв бичих дүрэм бодож бичдэггүй учраас сонин хэвлэл, вэб сайт, телевизүүд зөв бичдэг байх ёстой. Гэхдээ одоо л хүмүүс гэнэт зөв бичиж чадахгүй болчихсон, социализмын үед хүн бүхэн зөв бичдэг байсан юм биш шүү. Социализмын үед ч гэсэн зөв бичих дүрмийн алдаатай  бичдэг хүмүүс зөндөө байсан. Манай зургадугаар сургуульд нэг хүүхэд 31 үгтэй цээж бичиг бичүүлэхэд 27 үгийг нь алдаад, монгол хэлний багш нь хэрэгт орж байсныг би их сайн санадаг юм. Тэр байтугай бичиг үсэггүй хүмүүс ч байсан. Түүнээс гэнэтхэн ардчилал гараад л хүмүүс алдаатай бичдэг болчихсон юм биш. Харин нэг том ялгаа нь социализмын үед тэгж алдаатай бичдэг хүн өөрийнхөө бичлэгийг олон нийтэд үзүүлэх ямар ч суваг, боломж байгаагүй юм. “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” гээд цөөхөн сонинтой, ганцхан телевизтэй байлаа. Тийм учраас хэвлэгдэж байгаа бүхэн дандаа зөв гардаг байж. Харин одоо бол олон хэвлэл мэдээллийн байгууллагатай учраас энэ байдал алдагдаад байна. Хүн алдаатай бичиж болно. Харин одоогийн тогтолцооны нэг дутагдал нь алдаатай бичсэнийхээ төлөө хэн ч, ямар ч хариуцлага хүлээдэггүй. Сонин л зарагдаж байвал боллоо гэдэг учраас л буруу болчихож байгаа юм. Тэгээд өнөө алдаатай сонин хэвлэлийн бичлэг нь иргэдийн нүдэнд дасал болоод, алдаатай бичдэг хүмүүс олшроод байна.
Гэхдээ одоо яригдаад байгаа “Эх хэлний тухай хуулийн төсөл”-ийг уншсан. Хуулийн төсөлд Төвийн сонин хэвлэлүүдэд хариуцлага хүлээлгэх, торгох гэх мэт их зөв заалтууд явж байна билээ.
-Дунд сургуулийн хүүхдүүд монгол хэлнийхээ шалгалтанд ташраараа унасан гэх мэдээлэл гарсан та харсан уу?
-Харин тийм ээ. Одоо тийм л болчихоод байгаа байх.
-Томчууд алдаатай бичиж байгаа бол тэд ном уншдаггүй болон хэвлэл мэдээллийн муу нөлөөнөөс болж байж болох юм. Харин хүүхдүүд алдаатай бичиж байна гэдэг миний бодлоор тэр багш нарын л буруу шиг санагдаад байгаа юм. Та юу гэж бодож байна?
-Мухар тойрог үүсчихээд байна л даа. Багш нар муу байна гэдэг их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд муу байна гэсэн үг. Их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд муу байна гэдэг дунд сургуулиас орж ирэхдээ муу байна гэсэн үг. Ийм чөтгөрийн тойрогт орчихож. Намайг Багшийн дээд сургуульд багшилдаг байхад жилээс жилд ирж байгаа хүүхдүүд монгол хэлэндээ улам муудаад байгаа нь анзаарагддаг байсан. Дөрвөн жил их сургуульд сураад төгссөн муухан хүүхэд багш болно, тэр багшийн гараас гарсан хүүхэд бүр ч муу багш болно гэх мэтээр л яваад байна.
-Одоо тэгээд яах вэ?
-Багш муу байна гэж чиний хэлж байгаа чинь зөв. Тийм болохоор багшийн мэргэжлийг онцгойлон нэр хүндтэй, цалин өндөртэй, сурлагадаа сайн хүүхдүүд багш болохоор өрсөлддөг байх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тиймэрхүү ажлууд бас овоо хийж эхэлж байгаа харагдсан.
-Маркетингийн менежерээр ч юм уу өөр ямар нэгэн мэргэжлээр бол гадаадад сургууль төгсгөөд сайн боловсон хүчин болж болох юм. Харин монгол хэлийг бол тэгэх боломжгүй. Тэгэхээр яамаар ч юм бэ дээ?
-Гэхдээ бидний нүдэнд ил харагдаж байгаа нь л монгол хэл болохоос ерөнхий боловсролын бүх хичээлийн чанар үндсэндээ муудсан. Яагаад гэвэл багш гэдэг мэргэжил чинь хамгийн муу, “ашиггүй” мэргэжил болчихоод байна. Маш их ачаалалтай ажиллаад, баахан дэвтэр засч, шохойтой зууралдаж эцэст нь багахаан цалин авдаг ийм мэргэжлийг хэн хүсэх вэ. Тэгэхээр хамгийн мундаг мөнгө хийдэг ажлыг нөгөө толгой сайтай хүүхдүүд нь шилж сонгож аваад, хамгийн муу хүүхдүүд нь багшийн мэргэжил дээр тунаж үлдчихээд байна. Тэгээд муу багшаас, муу сурагч гарна. Ер нь хамгийн толгой сайтай хүүхэд багш болохыг хүсэх тийм боломжийг л нээж өгөх хэрэгтэй. Багш л болчихвол амьдралаа шийдчихдэг болбол өрсөлдөж эхэлнэ биз дээ.
ДУРЫН ХЯТАД ХҮН МОНГОЛД ИРЭЭД НУТАГТАА БАЙГАА ЮМ ШИГ ХЭЛ НЭВТРЭЛЦДЭГ БОЛЧИХВОЛ АЮУЛ
-Монголд эцэг эхчүүд “энэ зууныг Хятадын зуун гэж байна” гээд хүүхдүүдээ хятад хэлэнд сургах нь түгээмэл боллоо. Хятад сургуулиуд ч цөөнгүй байна. Та энийг юу гэж бодож байна?
-Би үүнд маш дургүй. Харин ч монгол хүн дархлаагаа авч үлдье гэвэл аль болохоор хятад хэл мэдэхгүй байх тусмаа сайн.
-Тийм үү, бид чинь хөрш улсаа сайн мэддэг байх ёстой л гээд байгаа шүү дээ?
-Хөршийг мэдэх ёстой хүмүүс нь л мэдэг. Жирийн иргэд бүгдээрээ хятад хэл сурчихвал тэгээд л өнгөрөө. Нэг хятад хүн монголд  орчуулагчгүй яриад, захын хүнтэй ойлголцоод, хөдөө хүртэл хятадаар ойлголцоод хятад хүн монголд нутагтаа байгаа юм шиг байвал баларна биз дээ. Хүн ямар ч гадаад хэлийг судлаад ирэхээр тухайн соёлд нь дуртай болчихдог. Хэл гэдэг тийм гайхамшигтай ертөнц. Жишээ нь бид багадаа орос хэлийг үздэг байснаас өнөөдөр бид орос дуу, орос кинонд дуртай. Хожим би бас турк хэл сураад турк дуунд дуртай, Туркийн хөлбөмбөгийнх нь багийг дэмждэг болчихсон. Тийм болохоор хятад хэлийг сурч, судлах тусам хятад улс, соёлд нь элэгтэй болж эхэлнэ. Тэгэхээр монголчууд маань аль болох хятад хэлийг мэдэхгүй байх нь зөв гэж боддог.
-Аль улсын иргэд монгол хэлийг амархан сурдаг вэ?
- Хэлнийх нь бүтэц төстэй учраас турк, солонгос, япончууд амархан сурдаг. Харин англи хэлтнүүдийн хувьд монгол хэл сурахад хэцүү.
-Тэгэхээр эсрэгээрээ энэ улсуудын хэлийг монголчууд сурахад амархан гэсэн үг үү?
-Яг тийм.
-Таны “орчин үеийн залхуу уншигчдад” гэх тодорхойлолт надад тун их таалагдсан. Хүмүүс яагаад унших дургүй болчихов. Энэ ганцхан Монголд уу, эсвэл дэлхий нийтийн чиг хандлага уу?
-Дэлхий нийтийнх. Гэхдээ том улсууд чинь айхтар бодлоготой, хөрөнгө мөнгөний асуудалгүй болохоор асуудлуудыг дор бүр нь шийдээд явчих юм. Жишээ нь, энд /Америкт/ хүүхдүүдийг сонгодог зохиолд дуртай болгохын тулд шууд том сонгодгийг уншуулдаггүй. Хэдэн насандаа хүүхэд хэдэн мянган үг сурдаг юм бэ гэдгийг судалж гаргаад эхлээд мянган үг мэддэг хүүхдэд зориулсан хувилбар, дараа нь 3000 үг мэддэг хүүхдэд зориулагдсан хувилбар гэж гаргасаар том болсон хойноо жинхэнэ эх зохиолчийнх нь бичсэн хувилбарыг уншдаг. Ингэхээр хүүхдүүд багаасаа сонгодог зохиолд дурлаж эхэлж байгаа юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.


No comments:

Post a Comment