Ш.Сүрэнжав: Нэр

Ш.Сүрэнжав: Нэр

Чигчийн чинээхэн байхад, "чинийх" гэж
Чихэнд аав минь гурав шивнэхэд 
Цээжилсэн нэр.
Өөдөсхөн наснаасаа
Өмчилсөн нэр.
Өөрийн чинь нэр.
Тохойн чинээхэн байхдаа 
Тоглоомонд улайраад
Тонгойж суухад

Хүү минь гэж дуудах
Ээжийнхээ дуунаар
Хөл нүцгэн дэгдсэн нэр.
Томоогүй насанд
Сурагчийн ширээн дээр байлаа.
Торниун насанд 
Цэргийн бүртгэл дээр байлаа.
Онгод төрж
Найргийн номын хавтсан дээр байлаа.
Өөрт оногдсон нэрээ
Өшиглөж хугалаагүй
Өрөөл бусдад худалдаагүй
Өнгө зусрын ширээн дээрээс
Өвдөг дор ивээгүй.
Гэгэлгэн цайлган энэ нэрээ 
Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа.
Гэрэлгүй шөнө 
Хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа.
Гэр тэргүүлж
Гэргийдээ дуудуулж явлаа.
Өөрт олдсон нэрээ өргөж явбал бахархал!
Өмчилсөн ганц нэрээ
Өеөдүүлж унагавал гутамшиг!
Залуургүй завь шиг
Амьдралын эргүүлгэнд алдаж
Залуухан янагийнхаа
Нулимстай хольсон бол гэмшил!
Заяасан үрийнхээ 
Сэтгэлийг сэвтээж
Занданхан улиасныхаа 
Мөчрийг хугалсан бол эмгэнэл!
Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж
Эхийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол гуниг!
Сайн хүн нэрээ гэдэг
Сайхан шувуу өдөө гэдэг!
Алсын газар алдрыг чинь дуудахад
Улсын далбаа уралдан босно.
Уярлын нулимс зовхинд хурж
Улаан хөх өнгөнд тунана.
Эрдэнийн соёмбоор 
Энгэрт гэрэлтэн
Эх орны чинь нэртэй цуг хэлэгдэнэ!
Эцгийн чинь нэртэй хамт яригдана!
Энэ нэр эрхэм нэр
Эхийн сүүнээс амилуулсан алдар
Эцгийн нэрнээс тасалсан хишиг.
Чамайг бусдаас ялгаруулж байгаа
Чамайг бусдад яриулж байгаа.
Чиний нэрийг дуудахад
Хүлгийн дэл босч байхын зол бий.
Чиний нэрийг дуудахад
Хүний яс хавталзаж байхын зовлон бий.
Орчлонд ганцхан насанд 
Олдсон ганц нэр 
Охьюу номин тэнгэрийн 
Од шиг гялалзсан нэр
Утаа гаргасан шинэхэн голомтны
Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ
Уянга нэмсэн бүүвэйн дууны
Од шингэсэн аялгуунд цацарна.
Ариун хайрын алтан ятга
Амраг бүсгүйн зүрхэнд туяарна
Асар тэнгэрийн мөнгөн суврага
Агаарын цагаан үүлэнд цогцолно.
Нэрээ бод гэж ээж минь
Амьд сэрүүндээ захьсан
Нэрээ хайрла гэж 
Эх орон минь 
Алаг зүрхэнд шивнэсэн
Өргөж явбал болор цом шиг гэрэлтэй нэр
Өлмийд унагавал алаг гангар шиг хэврэг нэр
Төрөхөд өлгийн дээр бичүүлнэ.
Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ.

No comments:

Post a Comment