Миний шинэ жил


Өнөөдөр амралтын өдөр. Гадаа Улаанбаатар утаандаа дарагдсаар, угаартсаар л. Гэхдээ би хар муухай зүйл бичихгүй. Гэгээлэг зүйл бичихээр нэгэн сэдэв сонгон РС-нийхаа ард тухлаад авав. Сая халит шинэ жилийн тухай хуучин гоё гоё дурсамжууд сэтгэлд орж ирсний зах зухаас нь бичих санаатай.
Хүүхэд байхад хамгийн гоё баяр миний хувьд шинэ жил байхаас илүү цагаан сар байсан. Яагаад ч юм шинэ жилээс илүү цагаан сар илүү гоё баяр шиг санагддаг байсан нь олон шалтгаанаас тэр биз. Би өөрийгөө хөдөөний хүүхэд гэж ярих их дуртай. Яг хөдөө малын бууцны хажууханд мэндлээд тэнд хөлд ороогүй ч гэсэн би хөдөөний хүүхэд гэж өөртөө итгүүлэх дуртай. Аймгийн төвд гэр хороололд өссөн миний бага нас шинэ жилийн баяраар магнайгаа хагартал баярладаггүй байсан ч чамгүй сайхан дурсамжууд сэтгэлд үлджээ. Бага ангидаа өвлийн өвгөн байдаггүйг мэддэг байсан ч сургуулийн шинэ жилийг зааланд үзүүлдэг байхад өвлийн өвгөнийг нь хараад хэн юм болдоо гэж гайхдаг байлаа. Харин 5 билүү 6-р ангид байхдаа 12 сарын нэгдүгээр сар болж сургуулийн шинэ жилээр 8 мөртэй шүлэг уншиж байхдаа манай сургуулийн багш нараас л нэг хиймэл сахал зүүж, дээл өмсөөд ОК өвлийн өвгөн болдог байсныг мэдэж авсан.. Эцсийн дүндээ би 10 жил сурахдаа нэг л удаа өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан нь намайг тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүйг илтгэх биз. Ганц удаа бэлэг авсан нь 10-р ангид байхдаа. Тэр жил магадгүй сайн их сургуульд орох ёстойгоо ухаарсан юм болоод ч тэр үү дажгүй сурч байсан шиг санагддаг. Хүн болгонд л хүүхэд байхдаа шинэ жилийн тухай бодонгуут хамгийн түрүүнд ямар нэгэн зүйл бодогддог байсан байх. 80-аад онд 10 жилдээ байсан хүүхдүүд бол шинэ жил гэхээр шууд мандарин бодогддог гэсэн. Бусад хүүхдийн хувьд юу бодогддог байсныг би сайн мэдэхгүй миний хувьд л лав хүүхэд байхад “Гэртээ ганцаараа” гэдэг кино хамгийн түрүүнд толгойд буудаг байсан. Шинэ жил гэдэг бол миний хувьд Монгол телевизээр /МҮОНРТ/ энэ кино гарах явдал бол хамгийн гоё нь байдаг байсан. Би олон олон гоё гоё бэлэг авч үзээгүй. Аав ээж маань хөдөөнөөс гаралтай, багадаа хөдөө өссөн хүмүүс болохоор шинэ жилийг нүсэр тэмдэглэхийг чухалчлахгүй. Хамаатан садангуудаараа нэгнийдээ нэг сайхан оройг өнгөрүүлээд л болдог байсан. Тийм ч болохоор би шинэ жилийг багадаа тийм сайхан баяр гэж боддоггүй байсан. 31-ний орой бол ээжийнхээ хийсэн гарын сайхан сайхан хоолуудыг идээд, Цэнхэр дэлгэцээ үзээд сууна шүү дээ. Хамгийн дотны анд Амгаатайгаа динамит авч гудамжаар сахилгагүйтнэ. Бас салют буудуулна. Айл айлыг хэсээд /Хамаатан садангууд/ сайхан сайхан хоолнуудаас нь ээлж дараалан идэж явсаар орой орондоо орох болтол ухаан жолоогүй гэдсээ дүүргэнэ. Дунд ангид ороод ангийнхантайгаа нийлдэг болов. Нийлнэ гэдэг нь гэр гэрээсээ аав ээжээрээ нэг сайхан гараа гаргаж хийлгэсэн хоол анги дээрээ авч ирээд, анги танхимаа багахан ресторан аятай тохижуулж байгаад л нэг өдрийн хугасыг сайхан өнгөрөөнө дөө. Тухайн үедээ л үнэхээр сайхан санагддаг байсан.
Оюутан болсон хойно шинэ жил гэдэг илүү нийтийн баяр болж хувирав. 1-р курст байхдаа Сансарт ахындаа байдаг байлаа. Манайхан бүгд ийш тийшээ он гаргахаар явцгаасан. Гэрээ санасан оюутан 2 өрөө байранд ганцаараа ТВ үзээд он гаргав. Тийм сайхан биш ч муугүй шүү. 2-р курс. Хамгийн дурсамжтай шинэ жил. Ахынх маань Эрдэнэт рүү нүүсэн тул би дотуур байрны оюутан болов. Аль намар 9 сараас л дотуур байранд нэгэн охинтой сэтгэлээ нийлүүлчих санаатай хөөцөлдөж хөөцөлдөж бүтэлгүйтэх нь гээд сэтгэлээр бага зэрэг унаад байж байв. Шинэ он гарах нь ээ. Тэр охинтой 2 уулаа 31-ий орой талбай очиж зураг даруулах гэтэл болсонгүй. Тэр их хүйтэнд түүнтэй хамт талбай дээр салют хараад чичрээд зогсч байхдаа хожим нь түүнтэй нэг гэрт орж, бие биеэндээ хайраа зориулан, надад хамгийн нандин эрдэнэ болох хөөрхөн хүүгий маань төрүүлж өгсөн хүнтэй ингээд зогсч байгаагаа ухаараагүй л явсан байх гэж боддог. Шинэ он гараад бид 2 үерхэж эхэлсэн санагдана. Энэ хүн бол миний хайртай хань Номин- Эрдэнэ. Өдгөө сайн сайхан гэр бүл болохын төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө бид хамтдаа зүтгэж, хөдөлмөрлөж явна. Миний оюутан насны хамгийн сайхан шинэ жил энэ. 2009-2010 он, энэ онд бид хамгийн сайхан мэдээг сонсож шинэ оноо гаргасан. Тэр бол бид гэртээ бүл нэмэх тухай мэдээ. Аав ээж нартаа хэлж, хөдөө гадаагүй шинэ хүнийг угтаж авах ажлыг бэлдсэн шинэ жил байлаа. Тэр жил бид 2 дөрөвдүгээр курсын оюутнууд хавар нь их сургуулиа төгсөх том даалгавартай. Зарим хүмүүс арай эртдэх юм бишүү, ажил төрөлтэй болсны дараа дээр байсан юм бишүү гэх мэт зүйлийг ярьж байсан ч бид 2-ийн хүслийг хэн ч хорьж дийлэхгүй нь хамгийн сайхан. Тэр үед Дөлгөөн нуураас хойшихноо шинэ зам-д багийн найз Амгаа, Соко, Амгаагийн эгч Сувдмаа, мөн дүүтэй нь бид хамт гэр хороололд нийтийн байр хөлсөлдөг байв. Шинэ он гарах үед манайд Сувдмаа эгч орж ирээд “За шинэ ондоо бүл нэмж 3-уулаа болоорой” гэж ерөөсөн нь хамгийн сайхан бэлэгдэлтэй ерөөл байсан санагдана. Ерөөл бат оршсонд Сувдмаа эгчид баярлалаа гэж хэлмээр. Миний хүү тэр ерөөлийн бат оршилоор 2010 оны 08 сарын 25-нд мэндэлсэн билээ.

Миний хувьд шинэ жилийн тод томруун дурсамжууд гэвэл нэг иймэрхүү байна. Эцэст нь дурьдахад хамгийн гол нь шинэ жил гэдэг бэлэг сэлт, баярлаж цэнгэхдээ биш юм байна. Хамгийн гол нь шинэ жилээ хүн бүр угтахыг хүссэн хүмүүстэйгээ л угтаж байгаа нь чухал мэт санагдах юм. Би өдийг хүртэл аав, ээж, хайртай үр хүүхэд, ханьтайгаа, ахтайгаа, хамаатан садангууд, найз нөхдүүдтэйгээ эсэн мэнд, эрүүл саруул шинэ оноо угтаж байсан, цааш цаашдаа угтаж байх минь л хамгийн дээд аз жаргал юм болов уу даа.
Миний гэр бүл /2011.04 сард/


2 comments:

  1. Ямар гоё юм бэ. Үнэхээр таалагдлаа. Ханьдаа хайртай шүү.

    ReplyDelete
  2. Та 3таа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

    ReplyDelete