Хамгийн чухал нь сурах арга барил...


   Хүмүүсийн блогоор зөндөө л хэсч гоё гоё нийтлэлүүдийг унших юм. Хааяа ч сайхан нийтлэл уншиж суух сайхан шүү. Өнөөдөр нэг хүний блог дээр сургалтын тогтлолцооны талаар нилээд шүүмжлэлтэй ханджээ. “Өнөөгийн Монголын хүүхдүүдэд олгож байгаа боловсрол бол тэр чигтээ хог, ЕБС, Их дээд сургуулиуд нь бүгд адил, ном л хуулуулдаг...” гэж ирээд л сүрхий бичжээ. Тэгээд эндээс санаа аваад ер нь суралцахуйн талаар нэг өөрийн санаа оноогоо блогтоо буулгавал яасын гэж бодлоо л доо.

Хүмүүс иш авахдаа “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Энэ үгийг ихэвчлэн цаад хэлэх гээд байгаа санаагаар нь биш шууд утгаар нь хүмүүс их ашиглаж ярьдаг юм шиг санагддаг. “Хүүхэд бага балчир насандаа ямаршуу зан төлөвтэй, хүмүүжилтэй, яриа хөөрөөтэй, сэтгэлгээтэй байна, том болж, нас биенд хүрээд мөн адил тийм л байна” гэсэн логикоор эцэг эхчүүд хүүхдүүддээ, багш нар шавь нартаа сургааль буулгадаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ миний ойлгосноор бол энэ үг үнэндээ “сурах арга барил”-ын тухай яриад байгаа юм шиг. Эцэг эхчүүд, багш нар хүүхдэд юун түрүүнд сургуулийн сургалтын програмд өгөгдсөн зүйлсийг дэс дараалуулан гэрийн даалгавар нэрийдлээр заавал сурахыг шаардахаа урьтал болгодог.  Гэтэл тэдэнд хамгийн чухал нь болох “Сурах арга барил”-г олгохоо мартсан байдаг. Сурах арга барил гэдэг бол зөвхөн өнөөдөр математикийн 2 бодлого бодох, англи хэлний нэг дүрмийг сайтар эзэмшихийг хэлэхгүй. Сурах арга барил бол хүүхдийн ой тойнд, сэтгэн бодох орон зайд, өдөр тутмын энгийн амьдралын процесст нь автоматаар өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах чадварыг суулгаж, хэвшүүлэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Эцэг эхчүүд энэ дээр л алддаг гэж би боддог. Манай аав ээж ч адилхан. Намайг лав бага байхад гэрийн даалгавараа л яаж ийж байгаад хийчихвэл тэгээд л болоо юм шиг санагддаг байсан. Яаж хийх нь нээх чухал биш. 

Өнөөдөр гадуур хувийн 10 жилийн сургуулиудын төлбөр нь хэд гэнэ вэ?. Бурхан минь жилийн төлбөр нь миний их сургуульд 4 жил сурсан бүх сургалтын төлбөрөөс ч хамаагүй их байх юм. Жилийн 6 сая төгрөгийн төлбөртэй дунд сургууль... Үнэндээ бол багаасаа сурах арга барилаа олж чадаагүй хүүхэд өндөр үнэтэй сургуульд сураад ч адилхан, энгийн сургуульд сураад ч адилхан. Ийм хүүхдүүдийн жишээ би олныг хэлж чадна. Манай хамаатны хүүхэд лав электрон жаал гэнэ үү өнөөх сүрхий жаалын сургуульд 5-р ангиасаа эхлээд өндөр төлбөр төлөөд  л явсан. Аав ээж нь тэр хүүхэд шиг болно гэж бодсон уу, тийм сургуульд явбал сайжирдаг гэж бодсон уу бүү мэд... Мань хүн 10-р ангиа төгсөөд сургууль ч гүй юу ч гүй хоцронгуут аав ээж нь бантсандаа Энэтхэг рүү IT – чиглэлээр нэг хувийн сургуульд /жилийн төлбөр, байр, хоол нь нийлээд 12 сая гэсэн байх шүү/  сургахаар явуулсан. Тэр ямар нөхөр төгсөж ирэх нь тодорхой. Мөн багаасаа сурах арга барилаа буруу эзэмшсэн, буруу зүйлд сурах арга барил нь төгсөрсөн, огт сурах эрмэлзлэлгүй болсон хүүхдүүд Их сургуульд орж ирээд жинхэнэ ялгардаг. Шигшигдээд л үлддэг. Намайг оюутан байхад манай мэргэжлийн ангийн оюутнуудад хамгийн хэрэгтэй зүйл Лаптоп байсан. Тэр үед хамгийн үнэтэй Лаптоп хэрэглэж байгаа мөртлөө хүнээс хуулаад явдаг оюутан цөөнөөр тоологдохгүй байдаг байсан. Гэтэл дотуур байранд хүнгэнэсэн дуутай, өнөө маргаашгүй дэлбэрэх гэж байгаа аятай Пентиум-4 дээр суугаад шөнөжин сууж хийсэн лабарторийн ажлаа Флаш дискээр хуулж авч ирж үзүүлээд онц сураад явж байдаг оюутан бас зөндөө л байдаг байсан. Ийм л байдаг. Хүүхдийг багаас нь өөрөө өөрт нь ЧИ ХЭН БОЛОХ?, ХААШАА ЯВАХ?, ЧИ ЮУГ ИЛҮҮ САЙН ЧАДДАГ?, ЯАВАЛ ЧИ АМЖИЛТАНД ХҮРЭХ?, АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ БОЛОХ?,  Гэх мэтчилэн асуултуудыг тавьж, өөрөөс нь хариултыг нь бага гэлтгүй олуулж сургахгүй бол насан туршдаа тантай зууралдаж ч мэднэ. Энэ асуултууд л хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлээд аваад явах “сурах арга барил”-ын эхлэл нь шүү дээ. Тун энгийн. Та хүүхдээ гэрийн даалгавараа ингэж л хийх ёстой гэж зааж өгч, үстэй толгойгоо зулгааж, “суу суу, битгий телевизор руу хараад бай, урдахаа хий” гэж өдөр бүр хашгирах албагүй. Та ингээд толгой руу нь номон доторхийг жихэх гээд хашгираад байвал өдөр бүр хашгирна. Харин тэгэхийн оронд эхлээд бага балчир насан дээр нь СУУЖ СУРАХыг заагаад, хэвшүүлээд өг л дөө. Тэр электрон жаал гээд байгаа хүүхэд ч гэсэн үнэндээ тийм суут ухаантай хүүхэд биш шүү дээ. Тэр ердөө өвчтэй ээжийгээ асрахын хажуугаар зуны амралтаараа ч байсан гэсэн өдөрт яг 2 цаг л яс сууж хичээлээ хийдэг байсан гэж өөрөө нэг нэвтрүүлгээр орохдоо ярьж байсан. Энэ чинь л сурах арга барил шүү дээ. Хүүхэд эхлээд тухтай суугаад, анхаарлаа төвлөрүүлээд сурчихвал цаашид юу сурч, мэдэж, өөрт юу хэрэгтэйгээ хүнээр хэлүүлэлтгүй олоод л авчихна. Нас биенд хүрсэн хойноо ч насан туршдаа өөрөө өөрийгөө хөгжүүлээд л явчихна. Их сургууль, шинэ ажил дээр гараад, тушаал дэвшээд, өөр ажил хийгээд явсан ч тэр хүний унаган махруу зан чанар, суралцах арга барил байж л байна. 

Сурах арга барилыг хүүхэд амьдралын өдөр тутмын, энийн бүхий л зүйл дээр олж авах ёстой. Зөвхөн албан ёсны боловсрол дээр ч биш. Амьдрах ухаан гэж бас нэг зүйл байна. Амьдралаа аваад явчих амьдралын арга ухаантай байх хэрэгтэй мэдээж. Үүнийг хүртэл хүүхдэд багаас нь олгох цорын ганц арга бол зөв “сурах арга барил”-г эзэмшүүлэх явдал зайлшгүй мөн гэж би боддог. Дээр нэг нэвтрүүлгээр монголын оюун ухааны музейн захирал Түмэн-Өлзий гуай ярьж байна лээ. “Одооны залуучууд үнэхээр залхуу юмаа... Би ажилгүй, ажил олдохгүй байна, намайг ажилд орох гээд очихоор авахгүй байна Гэх мөртлөө гадаа хашаа нь шуурганд налмайгаад уначихсан байгааг засчихгүй залхуураад суугаад байдаг. Тэр хүнд үнэндээ тэр хашаа хороогоо цэвэрлэх ажил байгаа л байхгүй юу... Тэр ажлаа хийх сэтгэлгүй байж яаж өөр ажил ярьдаг байнаа..” гэж ярьж байсан. Үзээд нээрээ л тийм шүү гэх сэтгэгдэл төрсөн шүү. Энэ бас л өнөөх багаасаа олж авсан арга барилтай угтаа бол ямар нэг шижүүрээр холбоотой баймаар. Манай багш нар, эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэгч нарт дутагдаад байгаа ганц зан чанар л энэ “сурах арга барил”-ыг эзэмшүүлэх. Ийм л учраас хамгийн чухал нь сурах арга барил гэж би боддог юм даа.

Сургалтын тогтлолцооны талаар миний бодож явдаг ганц чухал бодол маань энэ. За тэгээд хүнийг хэлэлтгүй миний хүү ч бас төд удалгүй сургуульд орно. Цагаа тулахаар яахын болдоо... хэхэ. Гэхдээ л хүүгийнхээ ирээдүйн төлөө, цаашдын аж амьдрал, сайн бие хүн болж төлөвшлийнх нь төлөө бол би энэ зарчмаа баримтлаж, сургана л гэж бодож байгаа. 

2 comments:

  1. Хамгийн чухал нь сурах арга барил... үнэн үг

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа!

      Delete