Алтан нөхөд ....
Нэг сайхан дуу байнаа. Энэ сайхан дууг сонсоод хэдэн муу найзуудаа санах
шиг болох юм. Өнөө цагийн залуус бидний эрхэлж буй ажил хөдөлмөрийн онцлог,
амьдарч буй нийгмийн онцлог, тэр бүү хэл амьдарч байгаа гэр орны /орон сууц/
байдлаас хүртэл шалтгаалаад бидний аав ээжийн үеийнхэн шиг сайхан нөхөрлөдөг,
айл саахалтаараа орж гарч, мэндтэй устай явдаг хүмүүс ховор болоо юу даа гэж
бодогдох юм. Хүнийг нөхөрлөж байгаа нөхрөөр нь дүгнэдэг гэж манай багш хүүхэд
байхад өчнөөн хэлдэгсэн. Одоо бодоход үүн шиг үнэн үг үгүй юм. Наргиж,
хөгжилдөж, дэгдэж явсан хүүхэд нас минь холдох тусам өөртэйгөө арай ойр
хүмүүстэйгээ л найз болж үлдэх юм даа. Оюутан ангийн найзуудаас хүртэл бодоод
байхад дотно байсан хэдээсээ бусадтай нь холбоо ч үгүй болж ээ.
Би хааяа боддог юм. Чамд дотно гэсэн хичнээн найз байна. Тэр бүхний тоо,
тэдний чанараар чи өөрийгөө дүгнэж болно гэж. Гэхдээ дотно шүү. Зүгээр нэг найз
гэдэг нэрэнд багтаад ууж идэхдээ л уулздаг найзууд биш. Үнэхээр дотны гэсэн
найз чамд хэд байна түүгээр чинь чамайг хэн гэдгийг чинь хэлж чадна. Баяр
болохоор хуваалцчих ганц найзгүй, зовлон тохиолдоход гүйгээд ирэх нөхөргүй,
наадмаар хамт бөх үзээд суучих андгүй хүн бол чи өөртөө дүгнэлт хийх ёстой.
Яагаад гэж найзуудаасаа асуухын оронд эхлээд өөрөөсөө асуух ёстой. Энэ бол
энгийн философи.
За тэгээд аз болоход надад гал шиг сайхан алтан нөхөд цөөнгүй байдаг би
хувьтай хүн юм. Энэ дууг сонсоод та нэгийг бодох байх. Миний хувьд бол хэдэн
муу найзуудтайгаа ойрд ажил ихтэй уулзсангүй нэг сайхан уулзах юмсан гэж
бодогдлоо.
Алтан нөхөд
Уулзахгүй удвал биесээ
санадаг
Уул шиг сайхан нөхөд
гэж байдаг
Наргиан хөгжөөнтэй
хааяа уулзахад
Нартын амьдрал
уужимхан болдог
Сураггүй удвал сэтгэл
гунддаг
Суврага шиг гэгээтэй
нөхөд гэж байдаг
Бараа бараандаа
амьдарч ээ явахад
Бадмаараг орчлонг
хайрламаар болдог
Зүдрэхийн цагт зовлонг
хуваалцах
Зүрхний хэдэн анд минь
ээ
Азын орчлонд жаргал
хуваалцах
Амьдралын алтан нөхөд
минь ээ
Хэн хэнрүүгээ адуу шиг
гүйдэг
Хийморь сэргээсэн
нөхөд гэж байдаг
Мөрөө түшилцээд хааяаа
дуулалдахад
Мөнгөн дарс ч амттай
болдогоо
сайн уу?
ReplyDeleteсайхан бичжээ ...