Блогоо сэргээх санаатай...



      Блог хөтлөөгүй 2 жил болсон байна. Их сургуулиа төгсөөд бас 2 жил болох гэж байна. Оюутан байхдаа энэ блогийг нээгээд ганц нэг сэдвийг оролдож, оромдож, бичих хүсэлдээ хөтлөгдөн бас бус блогчдыг дуурайж зарим сэдвээр зөвөлгөө энэ тэрийг бичиж байв. Харин блог шиг сайхан блогийг би хөтлөж байсан эсэхээ сайн мэдэхгүй. Ер нь блог шиг нэг сайхан блог ямар байх ёстой юм болоо?
     Зарим хүмүүсийн блог дандаа өөрт тулгарсан амьдралынхаа өрнөлүүдийн талаар бичсэн байх юм. Асуудал, бэрхшээл, баяр, гуниг, хэн нэгнийг өрөвдөх сэтгэл, өшөө хонзон агуулсан ганц нэг нийтлэлүүд... Уншихад үнэхээр сайхан сайхан адал явдлаар дүүрэн амьдралаа бичсэн хүмүүс цөөнгүй. Дахин дахин дараагийн нийтлэлүүдийг нь уншаад баймаар. Тэгтэл зарим нь өөрийн амьдралаа бичиж байгаа нь энэ гээд бараг л баасан шээсэн, хүнд хөнгөнөөр морь харсанаа хүртэл дэлгэрэнгүй бичих нь холгүй. Үнэхээр өрөвдмөөр.
     Зарим нэг нь, ер нь өнөөгийн залуусын ихэнх нь шинэ техник технологи, дэлхий дахины ололт амжилт, нээлтүүдийг нэгнээсээ уралдан барин баримт сэлт, зураг хөрөг, видео бичлэгтэй нь дэлгэн тавьж, түүн дээрээ ам уралдан коммент үлдээцгээж, маргаж, магтаж, хэлэлцэж байх юм. Нэг бодлын их магтууштай ч хайран цаг гэмээр.
     Зарим хүмүүсийн блогт дандаа шүлэг, дуу, дууны үг, хамтлаг дуучдын цомгууд, сонирхолтой видео энэ тэрээр дагнасан байх юм. Урлагийн виртуал сан хөмрөг гэлтэй. Харамсалтай нь тэр бүх нүр их хөдөлмөрөөрөө цуглуулсан сан хөмрөгийг нь блогоор зочилж байгаа хүнд нэг удаа зочлоод гарахад сайхан ч хүнд наалдах зүйл ховор. Ер нь ч тэгээд блог дээрх мэдээлэл заавал хүнд наалдахаар мэдээлэл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд...
     Бичиж байгаа хүнд нь л сайхан сэтгэгдлийг үлдээж, түүнийгээ бусадтай хуваалцах нь хамгийн сайхан блог ч юмуу. За ямар ч байсан энэ сэдвээр дахин бүр дэлгэрэнгүй хөндөх болно. Ингээд халит орхье.
     Ямартай ч блогоо сэргээсэндээ баяртай байна.

No comments:

Post a Comment