Зарим хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийг, эсвэл хийх гэж, хэрэгжүүлэх гэж
бодож явдаг зүйлсийг ганцхан үнэн зөв мэт бодох юм. Бүр түүнийгээ теором аятай
баталчихсан юм шиг нарийн чиг шугам гарган түүндээ бүхий л амьдралаа зориулан
зүтгэнэ хэмээн амандаа нууцхан тангараг өргөх нь нэгэн бодлын бахархууштай.
Бусад нь түүний хийж, хэрэгжүүлж буй ажлыг үнэлэхгүй, ойшоохгүй байхаасаа илүү өөртэй
нь адил хэмжээнд ойлгож хүлээж авахгүй л бол тэр хэн ч биш.
Нэг удаа уулзана, томорсон мэт
сэтгэгдэл үлдээхийг оролдож нарийн ширийнийг ярин онгирох нь хамартаа үхрийн
баас түрхүүлсэн дэггүй тугал аятай санагдана. Хоёр дахь удаагаа уулзана, “би л”
гэсэн байдлаар хүмүүстэй харьцаж, бусдын яриаг таслан ярианы сэдвийг өөрийн
бодож сэтгэдэг, хийж хэрэгжүүлдэг зүйлс рүүгээ татан оруулж, түүнийгээ мөн л
ярьж эхэлнэ. Өрөвдмөөр ч болов чааваас гэж бодон дуугуйхан зогсохдоо хэлээ
хазахад хэлнээс цус гарах шахна. Дараа нь дахин уулзана. Түүнтэй ярихаас дургүй
хүрнэ. Өөрт нь сайхан боловч бусдад утгагүй санагдаж байгааг тэр даан ч
ойлгохгүй. Өнөөх л яриагаа ярисаар.
Ийм залуус харамсалтай нь надтай
цөөн тооогоор таарах юм. Аз болоход тэр хүмүүс миний хамгийн дотны гэх
тодотголтой хүмүүсийн листэнд байхгүй нь яамай. Аав минь надад арга билэг
хоёрыг хослуулж амьдрахын учрыг нэг бус удаа хэлсэн. Эхэндээ ойлгодоггүй байсан
нь жоохон хүүхэд байсных биз. Гэтэл одоо бодоход түүн шиг үнэн үг алга.
2006 он. Би гэдэг хүн 10-р ангид
орсон гээд нэг л их хичээл хийж, тоо бодохын хүсэлт автагдсан амьтан. Гэр орны
ажил ховор хийнэ. Ээжийгээ өдөржин ажилтай явж явж иэрэхэд нь хоолыг нь хийж
чадахгүй давтлаганд яваад ирсэн гээд орой орж ирнэ. Ааваараа сануулан байж
түлээ мод хөрөөдөж хагална. Тэр үед аав минь хэлж байсан. Миний хүү ажил хийж
сураарай, жоохон ажлыг ч бага гэлтгүй хийж сураарай, хар бор ажил, хүмүүжил
хоёр л хүнийг хүн болгодог болохоос
математик хүнийг хүн болгодоггүй юм шүү гэж хэлж байсан. Энэ үг намайг битгий
хичээл хийгээрэй гэж хэлсэн хэрэг биш. Угтаа тэр хүн намайг харин ч хичээл
номын амтанд оруулж бүх талаараа дэмжсэн хүн. Ингэж хэлж байсныг би тухайн
үедээ сайн ойлгоогүй. Одоо бодоход арга билэгийг хослуулж амьдрахын эхлэл нь
энэ юм болвуу даа.
Өнөөдөр хэдий эрдэмтэй, чадалтай
ч энгийн амьдралыг мэдэхгүй хүн олон байна. Би ч өөрөө сайн мэдэхгүйчүүдийн
эгнээнд орох нь ойлгомжтой. Амнаас нь гарч байгаа үгс дэлхийгээс том ч амьдрал
дээр өөрийнх нь хийж хэрэгжүүлсэн ажил ширхэг ч үгүй. Найз найз гээд бахархаад,
үхсэн ч хамтдаа гээд гүйгээд байсан найзархаг хүмүүс цагаан тулахаар хундаганы
араас л найз гэж хэлээд сууж байхаас хэтрэхгүй нөхдүүд цөөнгүй. Гэтэл жинхэнэ
найз бол баяр ёслол дээр хамгийн түрүүнд гүйгээд ирэхээсээ илүү нэгийгээ бор
дарсанд шунаад ирэхийн цагт татаад гаргах бэл бэнчин байхгүй ч сэтгэл дотроо
тээгээд явахыг хэлнэ гэж би боддог.
Худлаа хийрхсэн хүмүүст угаас
дургүйн учир тэднийг би муулах, сайлах гэсэнгүй. Хүнээс илүүг чаддаг, хүнээс
түрүүлээд илүүг олж мэдсэн боловч түүгээрээ онгирч шүлсээ үсэргэх нь араатнаас
долоон дор. Тэд ганц л зүйлийг ойлгох ёстойг би сануулахыг хүссэндээ үүнийг бичиж
байна. Тэр бол “АРГА БИЛЭГ”.
Залуучууд “Монгол Монол!!!“ гэж
дэндүү их ярих дуртай болсон. Бараг л хүн бүрийн амнаас “Газар шороо”, “Монгол
соёл”, “нүүдлийн соёл иргэншил” гэх үгс бороо
мэт урсаж, цээжээ дэлдэнэ. Гэтэл тэд үнэндээ ихэнх нь морь унаж үзээгүй байх
вий дээ. Жинхэнэ шившиг. Тэр нөхдүүдийн дийлэнх хувь нь айраг ууж чадахгүй,
морины чөдөр зангидаж үзэх нь битгий хэл зангидаж байгаа хүнийг ч хажуугаас нь
хараагүй, нэг удаа ч болов гэр барьж үзээгүй, мал муулах монгол ёсыг хараад
нүдээ таглахаас цаагуур үйлдлийг хийх вий, үгүй ядаж айлд ороод нэг Монгол хүн
шиг мэнд ус мэдэж чадахгүй байх вий. Ёстой шившиг. Би тэр нутгийнх гэж ярьж,
шүлсээ үсчүүлэх мөртлөө тэр нутагт нэг ч удаа очиж үзээгүй, нутгийн уул усын
нэрсийг хооронд нь хольж хутгаж, хөгөөн чирнэ. Ёстой өрөвдмөөр.
Хэн?, хаана?, хэнтэй?, юу?
ярьж, яаж явахаа мэднэ гэдэг “Сохорын газар сохор Доголонгийн газар доголон”
гэдэг үгийг санагдуулна. Өнөөдөр би сайн мэддэг зүйлээ л үнэхээр мэддэг
болохоос түүнээс ч их мэдэхгүй зүйл байдгийг мартаж боломгүй. Тэр мэддэггүй зүйл миний мэддэгийн хажууд
асар том, асар чухал, асар үнэтэй зүйлс ч байж болно, хамгийн энгийн, үнэндээ
бол инээд хүрмээр зүйлс ч байж болно. Миний мэддэг мэдлэгийг бусад нь мэдэх
албагүй, албатайд нь харин чи хор шарыг нь хөдөлгөхийн тулд бага зэрэг онгироход
жоохон ч гэсэн буруудахгүй. Учир нь тэр хүн чамаас суралцана. Гэхдээ хэтрүүлж
болохгүй, хүнийг залхтал шүлсээ үсэргэхийн оронд час хийсэн ганц өгүүлбэр
байхад л болоо. Миний мэддэггүй зүйлсийг бусад нь мэдэх нь жам ёсны хэрэг.
Харин тэр дундаас мэдэхийг хүссэн зүйлсээ мэдэх гэж улайрах нь сайхан
эрмэлзлэл.
Энэ бүхэн миний л бодол, би
“АРГА БИЛЭГ” гэдэг ойлголтыг ингэж л ойлгодог. Зөвхөн БИЛЭГ оюундаа итгэж,
үнэмшиж, би л энэ хорвоо дээр гэж боддог хүмүүс үнэндээ түүнийгээ эгэл жирийн амьдрал
дээр ашиглах, амьдралын энгийн АРГА ухаанд суралцаагүй байдаг. Тэд олон бүтээл
туурвиж, олон олон шавь нар төрүүлж, олон олон эрдмийн цол хэргэм хүртсэн
хэрнээ ганцхан олдох амьдрал нь эргээд харахад цаасан дээрээс өөр хаана ч
байдаггүй. Тэдэнд найз нөхөд ховор. Уулзсан хэдэн найз нар нь ганц хундгаар
аяны дуугараа хүсэхэд “уухгүй уухгүй” гэж хойш суусаар эцэстээ дуудах ч
найзуудгүй болдог. Найзууд минь гэж үлдсэн хэдэн хүмүүс нь мэргэжил нэгд нөхдүүд
нь л болж таардаг. Хань, гэргийгээ болгох хүндээ дэндүү өндөр шалгуур тавиад
тэнцэхгүй болохоор нь салж ганцаараа байхын хохь амсах нь ч бий. Эмэгтэй хүнийг
халамжлах, хайрлах, энхрийлэх сэтгэл тэдэнд ховор байдаг нь нууц биш.
Ганцхан миний АРГА л зөв гэж
ярьж, хийрхэж, түүнийгээ бусдад тулгаж, зарим нь бусдаар хийлгэчих гэсэн
санаатай явдаг хүмүүс үнэндээ оюун БИЛЭГ нь хоосон толгойтой, зөвхөн ямар нэгэн
АРГААР гэсэн бодолтой байдаг. Тэр хүмүүст ямар нэгэн АРГА аар үр дүн гаргах л
чухал болохоос тэр дунд хэн хохирох, хэн хожих нь хамаагүй. Тэд нааш ир гэсэн болгонтой нь найзалж, “уу
уу” гэх бүрд нь уусаар яваад эцэстээ буруу АРГА аар явах нь тодорхой болж, нааш
ир гэх ганц ч сэтгэлээсээ ханддаг найзгүй болох аюултай байдаг.
Ийм л учраас АРГА БИЛЭГ
хослуулж амьдрахын учрыг эхэнд дурьдсан шүлсээ үсэргэгсэд ойлгоосой гэж
хүссэндээ өөрийн бодлоо бичлээ. Энэ үгсэд үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment